Гацуурт төслийн нөхөн сэргээлтийн хүрээнд Гацуурт голын урсгалыг сэргээнэ.

Gatsuurt tusul_FNLСентеррагоулд Монголия компани нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра Гоулд Инк корпорацийн охин компани бөгөөд Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, орон нутгийнхны шүтдэг Ноён уулаас 5 км-ийн зайд оршдог юм. Сентеррагоулд Монголия компанийн толгой компани болох Сентерра Гоулд Инк корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Скотт Перритэй Гацуурт төсөл, төслөөс Монгол Улсад өгөх өгөөжийн талаар ярилцлаа.
-Сентерра Гоулд тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Гацуурт төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааг төрөлжүүлэх боломжтой томоохон төслийн нэг. Канадын Торонто хотоо жил бүр зохион байгуулагддаг Канадын хайгуулч, олборлогчдын нийгэмлэгийн энэ жилийн чуулга уулзалтын үеэр та Монгол Улсад урт хугацааны турш хөрөнгө оруулалт хийж байгаа Сентерра Гоулдын Гүйцэтгэх захирлын хувьд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазартай биечлэн уулзсан. Уулзалт хэр үр дүнтэй болов? Сентерра Гоулд компани Монгол Улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хүсэлтэй гэдгээ уламжилсан уу?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар их нээлттэй хүн байна лээ. Бидний уулзалт их үр дүнтэй болсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулахын тулд Гацууртын төслийг урагшлуулах хэрэгцээ шаардлага байгааг сайд Сумьяабазар уулзалтын үеэр илэрхийлсэн. Энэ нь Гацуурт төслийг хөдөлгөх эхний алхам боллоо хэмээн би хувьдаа харж байна. Сентеррагийн зүгээс төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээс өмнө Гацуурт төслийн эдийн засгийн тооцооллуудтай холбогдуулан зарим нэг зүйлийг эргэн харахыг хүссэн. Хоёр тал аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц нөхцлөөр харилцан тохиролцоонд хүрсэн тохиолдолд бид хөрөнгө оруулахад бэлэн байна. Сентерра компанийн хувьд Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтаа үргэлжүүлэх хүсэл их ээ.
-Зарим байгаль орчны төрийн бус байгууллага болон иргэд Гацуурт төслийн үйл ажиллагааны улмаас Гацууртын ордоос 5 км зайд байрлах түүх, соёлын дурсгал, байгалийн баялаг бүхий шүтлэгт Ноён ууланд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн талаар ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Сентерра Гоулд компани төслийн талбай болон Ноён уул, түүний ойр орчмын газар нутагт байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгаанууд хийлгэсэн. Гацуурт төслөөс учруулж болзошгүй гэх дээрх нөлөөллийн талаар та тайлбарлаж өгнө үү. Тийм нөлөөлөл учрахаар бол компани зохих арга хэмжээг авч ажиллана гэсэн баталгааг өгч чадах уу?
-Юуны өмнө бид Гацууртын ордын ойр орчмын цэвдэг, замын хөдөлгөөн, палеонтологи, гүний ус, хөрс, соёлын өв, амьтан ургамал, нийгэм, байгаль орчны нөлөөллийн болон чичиргээний талаар хэд хэдэн томоохон судалгаануудыг олон улсын болон Монгол Улсын нэр хүндтэй мэргэжлийн бие даасан байгууллагуудаар хийж гүйцэтгүүлсэн. Хараат бусаар гаргасан судалгааны үр дүнд төслийн үйл ажиллагаа Ноён уул болон тухайн улс, орон нутгийн соёлын өвд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Соёлын өвтэй холбогдуулан хэлэхэд, манай компани Монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор Археологийн олдворын протокол гэсэн дотоод журам хэрэгжүүлдэг. Энэ журмаар аливаа барилгын эсвэл ашиглалтын үйл ажиллагааны үед соёлын эсвэл түүхийн үнэ цэнэ бүхий зүйл олдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу олдворыг хамгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Мөн соёлын өвийг хойч үед өвлүүлэхийн тулд өвийг хамгаалах, сурталчлах ажилд орон нутагтайгаа хамтран ажиллах саналаа илэрхийлсэн.
Монголчууд уул уурхайгаас ашиг хүртэхгүй байна, орон нутагт хангалттай хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл нилээн яригддаг. Сентерра Гоулд энэ асуудлыг хэрхэн шийдэж ирсэн бэ?
-Орон нутгийн чадавхийг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм эдийн засгийг уурхайн үйл ажиллагаа эхлэх үеэс илүү дээшлүүлэхийн тулд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, зохих ёсны дагуу байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн газраас Сентеррад хүлээлгэсэн. Уул уурхайн компаниудыг орон нутагтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулахыг үүрэг болгосон дээрх Монгол Улсын хуулийн энэхүү заалт хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Хууль гарахаас өмнө ч Сентерра энэ үүргийг биелүүлж ирсэн түүхтэй. Сентерра нь тогтвортой жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм эдийн засгийн олон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж ирсэн, цаашид ч хийнэ, үүгээрээ ч бахархдаг. Түүнчлэн соёл, спорт болон байгаль орчны олон үйл ажиллагааг санхүүжүүлж ирлээ. Хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд бид орон нутагт үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг бага байлгахын тулд үргэлж хянаж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг байнга эрэлхийлж ажилладаг. Сентерра нь тодорхой шалгуурыг хангасан ажиллах хүчин болон ханган нийлүүлэгчдийг нэн түрүүнд орон нутгаас авах зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл бид аль болох орон нутгаас бараа бүтээгдэхүүн худалдан авч, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг зорьж ажилладаг. Ингэснээр уул уурхайн салбарын үр өгөөжийг орон нутгийн иргэд хамгийн ихээр хүртэнэ гэсэн үг. Бид итгэл даасан сайн хөрш байхын төлөө чармайн ажилладаг.
-Уул уурхайн салбар их хэмжээний хөрөнгө оруулалтыг татан авчирч, ажлын байр бий болгохоос гадна тухайн орон нутгийн оролцогч талууд болон уул уурхайн салбараас ихээхэн хараат Монгол Улсын эдийн засагт шууд хувь нэмэр оруулдаг. Гацуурт төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ?
-Төсөл хэрэгжих 10 жилийн хугацаанд үндсэн болон гэрээт ажилтан нийлсэн нийт мянга орчим өндөр цалинтай, тогтмол ажлын байр бий болно. Нийт ажилчдын 99 хувиас илүү нь Монгол Улсын иргэд байна. Барилгын үе шатанд бид цөөн тооны гадаад мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах ч Монгол ажилчдыг сургах зорилгоор түр хугацааны ажил байх юм. Түүнчлэн аль болох дотоодоос бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авна. Энэ нь улсын эдийн засагт илүү их өгөөжтэй байх юм. Бороогийн алтны уурхай ажиллаж байх үед тус компани Монгол Улсын шилдэг, манлай татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан. Бид дараагийнхаа төслийг хэрэгжүүлэхдээ ч өмнөх амжилтын буухиагаа үргэлжлүүлэн, шилдэг татвар төлөгч хэвээр байх болно. Бороогийн уурхайн үйл ажиллагаанаас улс болон орон нутагт оруулсан татвар хураамж, төлбөрүүд, Монгол ажилчдын цалин хөлс, бусад зардлууд, бараа үйлчилгээ худалдан авалт гээд тус төслөөс Монгол Улсад үзүүлсэн нийт үр өгөөж 1.1 их наяд төгрөг (822 сая ам.доллар). Зөвхөн татвар, хураамж төлбөрт нийт 341 тэрбум (253 сая ам.доллар) төгрөг төлсөн. Бороогийн алтны уурхайн ашиглалтын үед нуруулдан уусгалтын шинэ технологи нэвтрүүлсний адилаар бид Гацууртын төслийн хүрээнд өөр нэгэн шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ шинэ технологи нь чулуулгаас алтыг ялган авах бөгөөд ингэснээр металл авалт нэмэгдэхээс гадна төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
-Сентерра Гоулд нь Бороогийн алтны төслийг хэрэгжүүлсэн Бороо Гоулд компанийн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл тус компанийн хэрэгжүүлж буй байгаль орчны нөхөн сэргээлт, улс орон нутгийн эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ нэр хүнд сайтай. Гацууртын төслийн хэрэгжилтийн үед өмнөх амжилтуудаа хэрхэн ахиулах бол?
-Юуны өмнө бид Бороогийн уурхай дээр дэлхийн жишгээр байгаль орчны нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт буюу ургамалжуулалтыг хийсэн нь Монгол Улсын уурхайн хаалтын стандарт боловсруулах ажилд томоохон хувь нэмэр болсон. Цаашид нөхөн сэргээлтийн хүрээнд хийгдэх Гацуурт төсөлтэй холбоотой нэг чухал ажил бол Сентеррагаас өмнө бусад компаниудын шороон ордын ашиглалтын үйл ажиллагаанд өртсөн талбайн нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэн, Гацуурт голын урсгалыг сэргээнэ. Сентерра компанийн үйл ажиллагаа явуулж буй бусад улс орнуудын нэгэн адилаар бид улс, орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон орон нутгийн бизнес эрхлэгчидтэй шууд харилцан хамтран ажиллаж, илүү чанартай бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг авах эх үүсвэрүүдээ аль болох нэмэгдүүлнэ. Мөн орон нутгийн ханган нийлүүлэгчдэд чанарын шаардлага хангасан сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэргэжлийн сургалт явуулж, чадавхийг нь сайжруулахад тусалдаг.
-Канадын Сентерра Гоулд компани алсын хараагаа “Тогтвортой үнэт зүйл, өсөлтийг хариуцлагатайгаар бий болгож, өндөр бүтээмжтэй ажиллах багийн соёлыг төлөвшүүлэн хөгжүүлэх” гэж тодорхойлсон байна. Бусад дэлхийн хэмжээний уул уурхайн компаниудтай харьцуулбал гүйцэтгэлийн стандартын хувьд Сентерра Гоулдын хариуцлагатай уул уурхайн гол үнэт зүйл нь юу вэ? Товчхондоо бол Сентерра бусад компаниас юугаараа илүү вэ?
-Манай компани туршлагатай бөгөөд хариуцлагатай уул уурхайн компани мөн гэдэгт итгэлтэй байдаг хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүнд бидний үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай. Үйл ажиллагаагаа байнга, зогсолтгүйгээр сайжруулах замаар үр дүнд хүрдэг хариуцлагатай уурхайчид гэдгээрээ бид бахархдаг. Дээр нь багаар нэг хүн шиг ажиллаж, амжилтад хүрдэг. Уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежмент болон төсөл хэрэгжиж байгаа улс, орон нутгийн ашиг сонирхол бидний нэн тэрүүнд тавих зорилт учраас дээрх чиглэлээр хамгийн өндөр шаардлага тавин ажиллаж байна. Бид бүх ажилчдаа “АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ЭРҮҮЛ АМЬДАРЬЯ” буюу ажлаа аюулгүй гүйцэтгээд харьж гэр бүлтэйгээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэг.